Ангилал: зайн сургалт
Амьдралд бүх зүйл эсрэг тэсрэгийн нэгдэл, тэмцлийн үр дүн болж байдаг. Бидний өдөр тутмын ажилд ч бэрхшээл, зөрчил байнга тохиолддог. Ялангуяа хүнтэй ажилладаг мэргэжил, түүний дотор багш хүний үйл ажиллагаа нь алхам тутамдаа шинэ шинэ зөрчил, бэрхшээлтэй байнга тулгарч түүнийг шийдвэрлэсний дүнд амжилтад хүрдэг зүй тогтолтой. Үүний цаад учир нь хүн бүхэн харилцан адилгүй нөхцөлд өсч торнин, төлөвшиж өөр өөрийнхөөрөө сэтгэж, өөр өөрийн хэрэгцээ, сонирхолтой байж түүнээ хангахын тулд ажилладагт оршдог.Шийдвэрлэвэл зохих асуудал
Энэ бүхэн нь багшид байнгын бэрхшээл, хүндрэл, зөрчлийг мэдрүүлж байх бөгөөд чухам эдгээрийн цаана маргаантай, шийдвэрлэвэл зохих асуудал (Issue) нуугдаж байдаг. Жишээ нь “сурлагын хоцрогдлыг арилгах”, “ сурагчдыг сурах арга барилд сургах” зэрэг нь шийдвэрлэвэл зохих асуудлууд болно.
Багш хүн олон арван хүүхэдтэй ажилладаг учир бараг цаг мөч бүхэнд ямар нэг үл ойлгогдох, урьдчилан төлөвлөөгүй асуудалтай байнга тулгарч байдгаас гадна аятай, үр дүнтэй болно гэж төлөвлөж байсан ажил нь ч үр дүн муутай бүтэлгүй болох нь цөөнгүй. Тэр ч бүү хэл болж бүтэж байна гэж бодож байгаа ажлууд маань ч хүүхдүүдэд тэр бүр таалагдахгүй байх нь бий.